#1 ОЮУНЫ ӨМЧ/ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ТУСГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2021-01-08

#1 ОЮУНЫ ӨМЧ/ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ТУСГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Энэхүү нийтлэлээр уншигч танд зохиогчийн эрхийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тусгах талаар тайлбарлахыг зорилоо. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулдаг.

Зохиогчийн эдийн бус баялгийн эрх (амин хувийн салшгүй эрх) болон эдийн баялгийн эрх (бүтээл ашиглах онцгой эрх) гэж юу вэ? түүний ялгаа, онцлог шинж

Эдийн бус баялгийн эрх

“Иргэний эдийн бус амин хувийн эрх нь бусдад шилжүүлж болдоггүй, гагцхүү тухайн хүнтэйгээ буюу түүний нэртэй шууд холбоотой”[1] байдаг бөгөөд түүнийг зохиогчийн эдийн бус баялгийн эрх гэх ба тус эрхийг хэнд ч шилжүүлэх боломжгүй. Зохиогч нь бүтээлийнхээ хувьд (a)өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх; (b) зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох; (c) бүтээлээ нийтлэх; (d) бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах; (e) бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох зэрэг эдийн бус баялгийн эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд шилжүүлэх боломжгүй энэхүү эрхийг эдийн бус баялгийн эрх буюу амин хувийн салшгүй эрх гэдэг.

Эдийн баялгийн эрх

Бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, эдийн засгийн үр шимийг хүртэх эрх зэргийг эдийн баялгийн эрх буюу бүтээл ашиглах онцгой эрх гэнэ. Зохиогч нь өөрийн бүтээлийнхээ онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх бүрэн боломжтой.

Эдийн баялгийн болон эдийн бус баялгийн эрхийн хамгийн том ялгаа нь тус эрхээ бусдад шилжүүлэх боломжтой, эсхүл боломжгүй байгаад оршино. Зохиогч нь эдийн баялгийн эрхээ бусдад шилжүүлэхдээ бүтээлийг ашиглах арга, хэлбэр, хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ, бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа, зохиогчийн эрх, үүрэг, бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага гэх мэтийг тохиролцон бүтээлийн онцгой эрхээ бусдад шилжүүлж болдгоороо онцлогтой.

Зохиогчийн эрхийн зохицуулалтын талаар Хөдөлмөрийн гэрээнд тусгахын ач холбогдол юу вэ?

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17-д албан үүргийн дагуу бий болгосон бүтээл[2] (шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерын программ, хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл г.м)-ийн эдийн болон эдийн бус баялгийн  эрхийг ажилтан эдлэх эрхтэй. Нэгэнт ажил олгогч ажилтанд цалин хөлс олгож оюуны өмчийн бүтээл бий болгож байгаа бол бүтээлийнхээ эдийн бус баялгийн эрхийг өөрөө эдэлж түүнийгээ борлуулах, сайжруулах, өөр хүнд шилжүүлэх худалдах, орлого олох гэх мэтээр ашиглахыг хүсэх нь ойлгомжтой. Тэгвэл “Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг ажил олгогч эдэлнэ” гэх байдлаар хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан зохицуулж ажилтны бий болгосон бүтээлийн эдийн бус баялгийн эрхийг ажил олгогч эдэлж болно.

Хуульд “Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно”[3] гэж зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зохицуулалт оруулж өгөөгүй тохиолдолд ажил олгогч бүтээлээ  Оюуны өмчийн газарт бүртгүүлэхэд зохиогч(ажилтан)-ийн бичгээр олгосон зөвшөөрөл шаарддаг. Хэрэв зохиогч тус бичгээр зөвшөөрөл өгөхөөс татгалзсан бол ажил олгогч  тухайн бүтээлийн эдийн бус баялгийн эрхийг эдлэх боломж хязгаарлагдана гэсэн үг юм. Ийнхүү тухайн харилцааг хөдөлмөрийн гэрээгээр талууд тохиролцож зохицуулаагүйгээс тухайн бүтээлтэй холбоотой маргаан үүсэх эрсдэлтэй юм. Энэ байдал эсрэгээрээ ажилтан бүтээлээ бүртгүүлэхэд ч тохиолдож болно.

Орчин үед мэдээллийн технологи өндөр хөгжиж, ажилтан өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн хүрээнд болон бусад байдлаар оюуны бүтээл туурвих илүү өргөн боломж нээлттэй болж байна. Иймд ажил олгогч, ажилтан аль аль нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны онцлог, цалин урамшууллын хэмжээ гэх мэт онцлог нөхцөл байдалдаа тохируулан оюуны өмч/зохиогчийн эрхийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгаж байх шаардлагатай.

Хэрэв та хөдөлмөрийн харилцаанд орох гэж байгаа бол хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээгээр тохиролцож заавал тусгавал зохих зүйлсийг гэрээндээ тусгахдаа энэхүү нийтлэлээр хүргэх гэсэн санааг анхааралдаа авч, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой түгээмэл үүсдэг эрсдэл, хүндрэлээс сэргийлээрэй. Мөн  эдгээр шаардлагыг хангасан Хөдөлмөрийн гэрээг www.igeree.mn сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хоромхон зуур угсран авах боломжтой болохыг энэ дашрамд дурдах юун.

Нийтлэл бичсэн хуульч М.Ариунзул

[1] Жамбалдорж.О, “Монгол Улсын Иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл) I дэвтэр”, 2004, 268 дахь тал  

[2] Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль 7.1

[3]Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17.2