Иргэд хоорондын зээлийн гэрээний түгээмэл асуулт, хариулт

2020-12-16

Иргэд хоорондын зээлийн гэрээний түгээмэл асуулт, хариулт

1.Зээлийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ?

Иргэд зээлийн гэрээг аман, эсхүл бичгэн хэлбэр, хугацаатай, хугацаагүй, хүүтэй, хүүгүй  нөхцөлөөр байгуулж болох боловч зарим нөхцөлд иргэний хуулиар тусгай шаардлага тавьдаг. Тухайлбал талууд зээлийн гэрээг хүүтэй байгуулах, мөн алданги тогтоохоор тохиролцсон тохиолдолд заавал бичгээр байгуулах шаардлагатай. Ийнхүү алдангийн хувь хэмжээг харилцан тохиролцохдоо хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож гэрээндээ тусгана. Мөн энэ төрлийн гэрээнд бас нэг анхаарах чухал зүйл нь зээлдэгч болон зээлдүүлэгч тал мөнгө өгч, авахдаа аль болох баримтжуулж дансаар шилжүүлэх хэрэгтэй. Энэ нь таны мөнгө шилжүүлсний гол нотлох баримт болох юм. Зээлдэгч тал мөнгө шилжүүлэхдээ хожим маргаан, үл ойлголцол гаргахаас сэргийлэх үүднээс баримтанд зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги зэргийн алийг нь төлж байгааг тусгайлан бичих шаардлагатай.

2.Зээлийн гэрээг амаар байгуулах нь хир эрсдэлтэй вэ?

Хүүгүй зээлийн гэрээг амаар байгуулж болох хэдий ч дараа нь маргаан гарахад зээлийн хэмжээ, зээл төлөх хугацаа зэрэг нөхцөл байдлыг тогтооход бэрхшээлтэй. Тиймээс зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн үнийн дүн, зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү, зээлийн төлөлт, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгууль тооцох эсэхийг нарийвчлан тусгаж эрсдэлээс сэргийлэх нь зөв.

3.Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлдэгч нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн зээлийн үнийн дүнгээс хоногт 1 хувиар алданги төлөхөөр хоорондоо тохиролцсон. Ингэж болох уу?

Хуулинд зааснаар талууд зээлийн гэрээнд алдангийг хэрэглэж болно. Үүний тулд дараах хэдэн нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд:

  • алданги тооцохоор тохиролцсон тохиолдолд бол гэрээг заавал бичгээр байгуулж алдангийн хувь хэмжээг тогтоож гэрээнд оруулах
  • ИХ-д зааснаар алдангийн хэмжээ хоног тутам гүйцэтгээгүй зээлийн үнийн дүнгийн 0.5 хувиас дээш байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг баримтлах

Асуултаас үзвэл алданги тогтоосон гэрээг бичгээр байгуулсан хэдий ч алдангийг 1 хувь байхаар тохиролцсон нь хуульд заасан алдангийн хувь хэмжээг зөрчиж тогтоосон тул алданги авах эрхээ алдах юм.