Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэр томьёоны тайлбар.

  • “АйГэрээ систем” гэж дэвшилтэд технологи ашиглан Хэрэглэгч-хувь хүн, хуулийн этгээд igeree.mn вэб сайтаар, эсхүл ухаалаг гар утсанд iGeree аппликэйшн татан авч бүртгэл үүсгэх, гэрээ, дүрэм, журам, тушаал, шийдвэр зэрэг эрх зүйн баримт бичгийг өөрийн хэрэгцээнд тохируулан боловсруулж авах, мөн хиймэл оюун ухаанд суурилсан чатбот-оор дамжуулан тодорхой эрх зүйн харилцаатай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авах зэргээр ашиглах боломж бүхий Байгууллагын өмчлөлийн цахим программ хангамжийг;
  • “АйГэрээ үйлчилгээ” гэж Хэрэглэгч АйГэрээ Системийг ашиглан гэрээ, дүрэм, журам, тушаал, шийдвэр зэрэг эрх зүйн баримт бичгийг өөрийн хэрэгцээнд тохируулан боловсруулан төлбөртэйгээр авах боломж олгож буйг;
  • “Чатбот” гэж Хэрэглэгч хиймэл оюун ухаанд суурилсан чатбот-оор дамжуулан тодорхой эрх зүйн харилцаатай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авах боломжийг үнэ төлбөргүй олгож буйг;
  • “Хэрэглэгч” гэж дор дурдсанаар гишүүн болон зочин хэрэглэгч гэж ангилагдах аливаа хувь хүн, хуулийг этгээдийг ойлгоно:
    • Гишүүн хэрэглэгч гэж АйГэрээ Систем-д бүртгэл үүсгэн АйГэрээ системийг ашиглаж, түүний үйлчилгээг авч буй хувь хүн, хуулийн этгээдийг;
    • Зочин хэрэглэгч гэж АйГэрээ Систем-д бүртгэл үүсгэлгүйгээр АйГэрээ систем дээр нийтэд хүргэхээр санал болгосон үйлчилгээг авч буй хувь хүн, хуулийн этгээдийг;
  • Байгууллага” гэж энэхүү АйГэрээ системийг Хэрэглэгчид санал болгож буй “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийг;
  • “Бүртгэл” гэж хувь хүн, хуулийн этгээд энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн хувийн мэдээллийг АйГэрээ системд сайн дураар оруулан “Миний бүртгэл” цэс үүсгэн Гишүүн хэрэглэгч болсныг тус тус ойлгоно.

Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт оруулах журам

  • Аливаа Хэрэглэгч АйГэрээ системийн санал болгож буй үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарснаар Үйлчилгээний нөхцөл тухайн Хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.
  • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
  • Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч АйГэрээ системийн санал болгож буй үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол АйГэрээ систем (утасны аппликейшн, вэб сайт болон бусад)-ийн санал болгож буй аль ч үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.
  • Байгууллага нь нэг талын санаачлагаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
  • Байгууллага Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар түүнийг мөрдөж эхлэхээс өмнө igeree.mn вэб сайт болон гар утасны iGeree аппликэйшнээр мэдээлнэ.      

Хэрэгжилтэнд хяналт тавих.

  • Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Байгууллага болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

Бүртгэл үүсгэх

  • Хэрэглэгч дараах мэдээллийг оруулсны үндсэн дээр бүртгэл үүсэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Гишүүн хэрэглэгч бүрэн хариуцна. Үүнд:
    • Хуулийн этгээд:
      • Хуулийн этгээдийн оноосон нэр;
      • Регистрийн дугаар;
      • И-мэйл хаяг;
      • Утасны дугаар;
      • Төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр, албан тушаал
      • Нууц үг.
    • Хувь хүн:
    • Хувь хүний овог, нэр;
    • Регистрийн дугаар
    • И-мэйл хаяг;
    • Утасны дугаар;
    • Нууц үг.

Бүртгэлд өөрчлөлт оруулах, устгах

  • Гишүүн хэрэглэгч өөрийн “Миний бүртгэл” цэс дээрх дараах мэдээллээ өөрчилж болно. Үүнд:
    • Нууц үг;
    • И-мэйл хаяг, утасны дугаар;
    • Гишүүн хэрэглэгч нь хуулийн этгээд бол төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр, албан тушаал.
  • Гишүүн хэрэглэгч болох хуулийн этгээд оноосон нэрээ, хувь хүн овог, нэрээ систем дээр өөрөө өөрчлөх боломжгүй бөгөөд тийм өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тохиолдолд зохих нотлох баримтыг хавсаргасан хүсэлтээ Байгууллагад гаргана.
  • Дээр заасан хүсэлтийг Байгууллага хүлээн авч үндэслэлтэй бол зохих өөрчлөлтийг ажлын 3 өдрийн дотор оруулна.
  • Гишүүн хэрэглэгч өөрийн бүртгэлийг бүхэлд нь устгаж болно. Энэ тохиолдолд хожим АйГэрээ системийн Гишүүн хэрэглэгч болох бол шинээр бүртгүүлнэ.
  • Байгууллага нь Айгэрээ системийг хөгжүүлэх, сайжруулахтай холбогдуулан Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, Хэрэглэгчтэй холбоо барьж болохыг Хэрэглэгч зөвшөөрнө.

Үйлчилгээ авах үндэслэл

  • Зочин хэрэглэгч болох хувь хүн, хуулийн этгээд нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр бүртгэл үүсгэлгүйгээр Чатботыг үнэ төлбөргүйгээр ашиглах, АйГэрээ үйлчилгээ авч болно. Бүртгэл үүсгээгүй учир АйГэрээ үйлчилгээнээс авсан эрх зүйн баримт бичгийн хуулбар системд хадгалагдахгүй.
  • Байгууллага нь бүртгэл үүсгэж буй хувь хүн, хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн Хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.
  • Хувь хүн, хуулийн этгээд нь АйГэрээ системд бүртгүүлж, “Миний бүртгэл” цэсээ үүсгэснээр Гишүүн хэрэглэгч болох бөгөөд тус систем дээр санал болгож буй бүх үйлчилгээг авах эрхтэй.
  • Гишүүн хэрэглэгчийн бүртгэлдээ оруулсан мэдээлэл нь АйГэрээ үйлчилгээ авахад гэрээ, эрх зүйн баримт бичгийн холбогдох хэсэгт автоматаар орно.

Төлбөр төлөх журам.

  • АйГэрээ үйлчилгээний үнийн талаарх мэдээллийг igeree.mn вэб сайт болон гар утасны iGeree аппликэйшний “Төлбөр” цэсэд байрлуулна.
  • Зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан Байгууллага нэг талын санаачлагаар АйГэрээ үйлчилгээний үнийг өөрчлөх эрхтэй бөгөөд түүнийг мөрдөж эхлэхээс өмнө igeree.mn вэб сайт болон гар утасны iGeree аппликэйшнээр мэдээлнэ.

Гишүүний багц

  • Гишүүн хэрэглэгч нь багцын төлбөрийг төлж багц үйлчилгээг авч болно.
  • Гишүүн хэрэглэгч 1 сар, 3 сар, 1 жилийн хугацаатай багцаас сонгоно.
  • Гишүүн нь багцын үйлчилгээг үүсгэснээр түүний хүчинтэй байх хугацаанд хэдийд ч хаанаас ч бодит хэрэгцээ, онцлогоо тусгасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрх зүйн баримт бичгийг угсруулж авах эрхтэй. Багц үйлчилгээ худалдан авсан Гишүүн хэрэглэгч хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал, шийдвэрүүдийн загварыг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

Төлбөр төлөх хэлбэр.

  • Төлбөрийг АйГэрээ систем дээр санал болгож буй ЛэндМН, QPay зэрэг төлбөрийн системээр төлнө.

Төлбөр буцаах үндэслэл

  • Хэрэглэгч төлбөрийг илүү төлснөөс бусад тохиолдолд буцаан олгохгүй.
  • Илүү төлсөн төлбөрийг буцаан авах хүсэлтээ холбогдох мэдээлэл, нотлох баримтын хамт Байгууллагад ирүүлэх бөгөөд Байгууллага хянаж, үндэслэлтэй гэж үзвэл ажлын 5 өдрийн дотор буцаалт хийнэ.

Нууцлал.

  • Хэрэглэгч нь АйГэрээ системийг ашиглан олж авсан аливаа мэдээлэл (үүнд АйГэрээ үйлчилгээний дагуу худалдаж авсан гэрээ болон бусад баримт бичгийн нөхцөл, хэлбэр зэрэг хамаарах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)-ийг чандлан нууцлах, хадгалах болон хамгаалах үүрэгтэй байна.
  • Хэрэглэгч нь АйГэрээ үйлчилгээгээр аливаа баримт бичиг, гэрээ боловсруулан авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.
  • Байгууллага нь Хэрэглэгчийн хувь хүний болон байгууллагын нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс АйГэрээний вэб сайт болон аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.
  • Хэрэглэгч өөрийн Бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Байгууллагаас нэхэмжлэх эрхгүй.

Талуудын хариуцлага.

  • Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн нууцлалын үүрэг зөрчсөн бол нууцлал задруулсан тал нь шууд болон шууд бусаар учруулсан аливаа хохирлыг нөгөө талдаа бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, түүний дотор АйГэрээ үйлчилгээгээр аливаа баримт бичиг, гэрээ боловсруулан авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашигласан тохиолдолд Байгууллагад шууд болон шууд бусаар учирсан аливаа хохирол (үүнд ирээдүйд олох байсан ашиг хамаарах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)-ыг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулна.
  • Байгууллага дараах нөхцөлүүдэд баталгаа гаргахгүй:
    • Чатбот үйлчилгээ нь дэвшилтэт технологи ашиглан хөдөлмөрийн эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл олгох зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан систем тул чатботоос өгсөн аливаа хариулт, зөвлөмж, мэдээлэл;
    • АйГэрээ үйлчилгээг авах явцад Байгууллагаас холбогдох санамж, анхаарах зүйлийг хэрэглэгчдэд хүргэх ба Хэрэглэгч эдгээрийг үл ойшоож буруу, дутуу, хууль бус мэдээлэл оруулсан буюу буруу үйлдэл хийсэн, эсхүл хийвэл зохих үйлдэл хийгээгүй;
    • Хэрэглэгч Чатботод хандсан асуултаа оновчтой тавиагүй, асуултын агуулга тохиромжгүйгээс хариулт зөв гараагүй, огт хариулаагүй;
    • Систем дээр хөгжүүлэлт хийгээгүй, эсхүл бүрэн хийгдээгүй байгаа асуудал;
    • Хэрэглэгчийн оруулсан аливаа мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэх асуудал.
  • Дээр дурдсан нөхцөл байдлаас үүсэх аливаа үр дагавар (үүнд гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох, хууль бусаар гэрээ байгуулах, хохирол учрах зэрэг хамаарах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)-ыг Байгууллага хариуцахгүй.

Хэрэглэгчийн гомдол, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх.

  • Хэрэглэгч Байгууллагын цахим хуудас болон холбоо барих бусад хаягаар дамжуулан Байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхтэй.
  • Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Байгууллага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Байгууллага нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ.

АйГэрээ систем дээр санал болгож буй үйлчилгээг мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ гэж тооцохгүй.

  • АйГэрээ систем нь дэвшилтэд технологи болон хиймэл оюун ухаан ашиглан хувь хүн, хуулийн этгээдэд нэн шаардлагатай хууль эрх зүйн мэдээлэл өгөх, хуульд нийцсэн баримт бичгийг АйГэрээ системийн тусламжтайгаар хэрэглэгчдэд хялбар, түргэн шуурхай, хямд өртгөөр хүргэх зорилготой бөгөөд АйГэрээ системээс санал болгож буй үйлчилгээг мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ гэж тооцогдохгүй.

-----оОо------