#8 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БА ТӨСТЭЙ ТӨРЛИЙН ГЭРЭЭНҮҮДИЙН ЯЛГАА

2021-09-14

#8 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БА ТӨСТЭЙ ТӨРЛИЙН ГЭРЭЭНҮҮДИЙН ЯЛГАА

Асар хурдацтай хөгжиж буй харилцаа холбоо, техник технологийн дэвшил хийгээд сүүлийн жилд тархаад буй цар тахлын нөлөө нь уламжлалт хөдөлмөрийн харилцааны хэв маягийг илүү уян хатан, цаг хугацаа орон зайны хамаарал, хязгаарлалт багатай хэв маягт шилжих боломжийг олгож байна. Шинээр бий болж буй ажлын байрны онцлог, ажилтан ажил олгогчийн хооронд үүсч буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тохирсон гэрээг байгуулах нь талуудын эрхийг тэнцвэртэй хамгаалах, тэдний хоорондын харилцааг хуулийн дагуу, үр өгөөжтэй зохицуулах, үүдэн гарах аливаа зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй төстэй гэрээнүүдийн зорилго, зохицуулалт, онцлогийг нарийвчлан хүргэхийг зорилоо.

Байнгын ажлын байр ба хөдөлмөрийн гэрээ

2020 оны эхний улирлын байдлаар Монгол улсад нийт 1188 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд ажиллах хүчний нийт эрэлтийн 70.1 хувь нь байнгын ажлын байр гэдгийг байх хүлээлттэй байна.[1] Байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг хэмээн Хөдөлмөрийн тухай хуульд тодорхойлсон. Байнгын ажлын байр нь хөдөлмөрийн гэрээ байгуулах нэг гол хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл байнгын ажлын байран дээр ажиллаж буй ажилтны хувьд бусад төрлийн гэрээ биш, хугацаагүй (тодорхой шаардлага, талуудын тохиролцсоноор хугацаатай) хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой болдог гэсэн үг юм.

Практикт цагийн ажилтнуудтай байнгын ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тохиолдол цөөнгүй байдаг боловч ихэнх тохиолдолд талуудын харилцаа нь хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулж байдаг. Эдгээр тохиолдлуудад цагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах нь илүү хуулийн зорилгод нийцнэ. Хөдөлмөрийн гэрээний бусад иргэний эрх зүйн гэрээнээс ялгарах гол шинж нь хэдийгээр талуудын эрх тэгш хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн гэрээ мөн боловч захирах, захирагдах харилцаа давамгайлж байдаг[2], ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргийг гүйцэтгэж байдагт оршино.

Хөлсөөр ажиллах гэрээ

Харин дээрхээс ялгаатай, ажил олгогчоос баталсан дүрэм, журам хяналт гэхээс илүүтэй гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэдэг гэрээний төрөл бол Хөлсөөр ажиллах гэрээ юм. Иргэний хуульд Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж ерөнхий тодорхойлсон байдаг ч гэрээний мөн чанар нь ажилтан заавал ажлын байран дээр, удирдлагын хяналт доор ажиллах үүрэггүй, хөдөлмөрийн хуулийн зохицуулалт биш иргэний хуулийн ерөнхий зохиуулалт үйлчилнэ гэдэг утгаараа хуулийн шаардлага бага, бие даасан, харьцангуй чөлөөтэй гэрээний төрөл юм. Хөлсөөр ажиллах гэрээг өдөр тутамд байнгын хэрэгтэй биш, тодорхой хэрэгцээт ур чадваруудаыг шаардсан тохиолдлууд болох соёл урлаг, програм хангамж гэх мэт салбарт байгуулахад тохиромжтой.

Ажил гүйцэтгэх гэрээ

Дээрх хоёр гэрээний төрлөөс нилээн ялгаатай боловч нэг талын зүгээс тодорхой ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой үүрэг хүлээдэг гэрээний төрөл нь Ажил гүйцэтгэх гэрээ. Иргэний хуульд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж тодорхойлсон байдаг. Уг гэрээний зүйл нь тодорхой хугацаанд байнгын давтамжтай ажиллах үйл явц биш харин ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны дүнд тодорхой үр дүнг бий болгож, түүнийг нийлүүлэх явдал гол чухал байна.[3] Иймээс энэ төрлийн гэрээг байгуулахад дан ганц ажил үйлчилгээ үзүүлэх амлалт гэхээс илүү тухайн ажил үйлчилгээний үр дүнг хүлээлгэн өгч, түүнийг цааш ашиглах зорилготой байна уу гэдгийг анхаарах шаардлагатай юм.

Хөдөлмөрийн харилцааны цогц, ухаалаг платформ www.igeree.mn-аас та дээрх нийтлэлд дурьдагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал зэргийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хоромхон зуур угсран авах боломжтой.

Хөдөлмөрийн гэрээ угсрах бол https://igeree.mn/build?id=22#/ 

Хөлсөөр ажиллах гэрээ угсрах бол https://igeree.mn/build?id=45#/                                                       

 

[1] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа, 2018 он

[2] Улсын дээд шүүхийн тогтоол Дугаар 001/ХТ2020/00497-ийг жишээ болгон ашиглав.

[3] Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн бодлогын хураамж, 2016 он, 136-р тал